Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хүсэлт хүргүүллээ
2023-06-09 680 Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо Салбар хорооМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар "Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор дээрх тогтоол түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчид олгож байсан орон нутагт ажилласны нэмэгдлийг төрийн захиргааны албан хаагчид олгохоор журамд хамаарах субьектийн хүрээг өргөжүүлсэн боловч "... Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл"-ийг шүүх, прокурорын байгууллагаас бусад байгууллагын ажилтан, албан хаагч нарт олгоно" гэж заасныг холбооны дүрмийн 3.1.3-д "Шүүхийн захиргааны ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах" мөн дүрмийн 3.1.8-д Шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх" гэж заасан чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн "хүсэлт хүргүүлэх тухай" 01/04 дугаар албан бичгийг хүргүүлж тус байгууллагаас Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09/975 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Дээрх албан бичигт "Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор болсон. Энэ нэмэгдлийг орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид олгох 20 хувийн нэмэгдлийг тухайн байгууллагын удирдлагын зохион байгуулалт /хэвтээ болон босоо/-аас үл хамааран орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн захиргааны албан хаагчид олгоно." гэж дурджээ.
Иймд дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан бичиг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн жил бүрийн улсын төсөвт суулгаж орон нутагт ажиллаж буй нийт 800 гаруй шүүхийн захиргааны ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад албан бичгээр уламжлаад байна.
МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО